“ФИЛАРМОНИ-45” БАЯРЫН КОНЦЕРТОО ҮЗЭГЧ СОНСОГЧ ТҮМЭНДЭЭ ТОЛИЛУУЛЛАА

Энэ бол Монгол Улсын симфони найрал хөгжмийг үндэслэгч Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн хөгжимчид. Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, Морин хуурын чуулга гэсэн гурван том бүрэлдэхүүн нэгэн тайзнаа тоглох нь Улсын филармонийг хөгжмийн хүрээлэн гэж хэлэхээс өөр аргагүйг мэдрүүлнэ. Хөгжмийн гайхамшигт ид шидээр хүн төрөлхтнийг хүмүүжүүлэн гэгээрүүлэн соёлжуулж байдаг филармони дэлхийн хүчирхэг эдийн засагтай, хүнийхээ төлөө бодлоготой олон улс орнуудад байдаг. Анх тухайн үеийн Соёлын сайд байсан Л.Ванган гуайн санаачилгаар энэ оркестрийг байгуулж байсан гэдэг юм билээ. Гол зорилго нь дэлхий нийтийн урлагийг монголчуудад түгээх, соён гэгээрүүлэх явдал. Соёлын яамнаас 1972 онд Улсын Филармони байгуулж концертын байгууллагуудыг төвлөрүүлэх шийдвэр гарч тэр цагаас хойш бүх нийтийн урлагийн, тэр тусмаа хөгжмийн боловсролын төлөө үйл ажиллагаагаа зориулан ирсэн хөгжмийн их хүрээлэн хүрээгээ тэлсээр өдгөө 45 дах жилтэйгээ золгож, ийнхүү “ФИЛАРМОНИ-45” баярын концертоо үзэгч сонсогч түмэндээ толилууллаа. Баярын энэ концертод дэлхийн сонгодог, жааз болон үндэсний шилдэг бүтээлүүдийн дээжээс эгшиглэж, Улсын филармонийн дуучид ая дуугаа өргөн мөн зочин удирдаач нар, хөгжимчид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ хүргэсэн дуучид гээд олон уран бүтээл нэгэн тайзнаа эгшиглэж бараг 3 цаг орчим үргэлжилсэн нүсэр тоглолт боллоо. Улсын Филармони гэдэг урьд эртнээс л бүх нийтийн хөгжмийн боловсролд гол анхаарлаа хандуулан хөдөө орон нутаг, сум суурингаар хэрэн хэсч хөгжмөө сонсгон таниулж явсаар соёлын үрийг маш сайн түгээсэн үндэс суурьтай байгууллага гэж би хувьдаа ойлгодог. Намайг бага байхад хотоос урлагийн бригад ирж тоглолт хийн тайлбарт концерт тавих, урлагийнханыг хөдөөгийн сум бүхэнд нэг нэгээр нь шефийн харилцаа хэмээн хуваарилж илгээдэг байсан нь санаанаас ер гардаггүй юм. Аав минь тухайн үеийн ХУ нам хүчтэй байх үеийн сумын намын дарга байсан болоод ч тэрүү, тухайн үед очиж байсан урлагийнхан, жүжигчидтэй малчдын сууриар хамтдаа явж тоглолтыг нь үзэн бишрэн шүтдэг, хүндэтгэн бахархадаг байж билээ. Яг тийм л үйл ажиллагаа хөдөөгийнхөнийг, ер нь хүн амыг соёлтой боловсролтой болгоход их ойртуулсан байх шүү. Хөгжмөөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэг дээ.

Тэртээ олон жилийн өмнөх хүүхэд ахуй цагийн дурсамжаа сэдрээсэн чинь сайхан байна, нүдэнд харагдах шиг… Тэр үеийн хөгжмийн боловсрол олгох, бүх нийтийг урлагийн боловсролтой болгох зорилго зорилтыг одоо ч баримтлан ажиллаж байгаа газар бол Улсын Филармони. Энэ хамт олон сүүлийн жилүүдэд нийгэмд чиглэсэн олон зорилтот төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласан. Тухайлбал Монголын хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол уран бүтээл” төсөл, гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолтыг үзэгчдэд хүргэх зорилгоор "Бид нэг гэр бүл” төсөл, хөгжмийн урлагийг залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их хотын хэмнэл” төсөл, хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох “Хүүхдийн ертөнц” төсөл, гадаад дотоодын аялагчид, жуулчдад зориулан “Монгол сайхан орон” төсөл, бүх нийтийн хөгжмийн боловсролын хүрээнд “Сонгодог хөгжим” төсөл гээд олон чухал ажлуудыг зохион байгуулж төлөвлөн хэрэгжүүлж байгаа нь тус хамт олны байгууллагынхаа зорилгыг мэдэрсэн, ирээдүйгээ харсан бүтээлч сэтгэлгээ юм.

Эдгээр төсөл хөтөлбөрүүд нь шууд үр дүнгээ өгч өөрчлөлтийг өгөхгүй ч алсуураа, аажмаар үр өгөөжөө өгч, бүх нийтийн урлагийн боловсрол тодорхой хэмжээгээр нэмэгдэж, соёлтой үзэгчдийг бэлтгэх ирээдүйн үзэгчдийн үзвэр үйлчилгээний соёлд ихээхэн хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

Зах зухаас нь дурьдахад иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа Улсын Филармони хэмээх энэ их айл 45 насныхаа ойн баярын тоглолтыг даруухан мөртлөө хөгжмийн нүсэр том бүрэлдэхүүнээ харуулсан тэр хирээрээ хөгжмийн уран яруу, гурван өөр өнгө аяс хэм хэмнэлтэй бүрэлдэхүүний нэгдэн нйилж дуугарах боломж, мэргэжлийн ур чадварыг харуулсан тоглолтоор ийнхүү үзэгчиддээ бэлэг барьлаа. Оркестр гэдэг, ер нь бол хамтран тоглоно гэдэг яалтгүй л багийн ажил. Тэр тусмаа ийм хэмжээний гурван том бүрэлдэхүүн хамт тоглоно гэдэг дуугаралтын хувьд ч, мэргэжлийн ур чадварын хувьд ч, хөгжмүүдийн онцлогийн хувьд ч бас чамгүй хөдөлмөр шүү. Тайз дүүрэн хөгжимчдийг хараад хэн ч байсан амьсгаа даран сонсох сонирхол бас бахархал төрнө, мэдээж. Тэд дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын олон томоохон, ур чадвар, мэргэжил туршлага шаардсан бүтээлүүдийг энэ үдэш эгшиглүүлсэн. Мэдээж ямар түүхтэй оркестр билээ симфони оркестрийнхон бол тэр чигтээ мэргжил үнэртүүлсэн хүмүүс, хуурын чуулгынхантай бол яриад байх ч юмгүй сэтгэл ур чадвар хослуулсан гайхамшигтай хөгжимчид, харин Баянмонголынхон бол олон жилийн гайхамшигтай түүхийг залгамжилсан чадварлаг сайхан залуус. Тэднээс жинхэнэ эрч хүч хэмнэл мэдрэгддэг.

Филармонийнхон хөгжмийн хүрээлэн ийм л байдаг юм гэсэн шиг хөгжимчдөөрөө, бас олон удирдаач нараараа ёстой гайхуулсан даа. Симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаач СТА Д.Нямдаш, удирдаач СТА Б.Батбаатар, Баянмонгол жааз найрал удирдаач МУУГЗ Б.Ганбат, СТА С.Саруул-Од, Морин хуурын чуулга удирдаач СТА Д.Түвшинсайхан, зочин удирдаач МУУГЗ Ч.Чинбат, МУУГЗ Б.Нямдорж гээд нэгэн тайзнаа ийм олон удирдаач ээлжлэн дохих нь бас сайхан л юм. Учир нь удирдаач гэдэг бол яг өнөөдрийн Монголын урлагт ховорхонд тооцогдоод байгаа чухал хүмүүс. Тийм л болохоор өмнөх түхийг нь бүтээж урдах замыг нь гэрэлтүүлж өгсөн ахмад удирдаач нарынхаа залгамжийг авч гарч ирж байгаа залуу удирдаач нарт талархал илэрхийлье. 3 том бүрэлдэхүүн суулгаад дохино гэдэг тийм ч амар биш байх л даа. Удирдаач хүн тэр олон хөгжимчдийг нэгтгэхийн тулд бүгдийг хяналтандаа байлгаж тухайн бүтээлийн утгыг бүрэн дүүрэн гаргана гэдэг том хариуцлага бас ур чадвар. Тоглолтод гоцлон тоглож өөр өөрийн ур чадварыг харуулсан хөгжимчид, дуучдад бүгдэд нь баяр хүргэе. Энэ удаа би гоцлол гэхээсээ илүү оркестрийн бүх хөгжимчдөд халуун баяр хүргэмээр байна. Ихэнх хүмүүс оркестийн ур чадвар, үнэ цэнийг төдийлөн ойлгодоггүй. Хаана дуурь балет, бүжгэн жүжиг дуулалт жүжиг явна, дуучид дуулна тэр бүхний ард нь, эсвэл тэр доор хөгжмийн яаманд суун тоглох хөгжимчид гэдэг агуу хүмүүс. Ер нь аль ч оркестрийн хөгжмийг тэр бүр үнэлдэггүй үнэ цэнийг нь мэдэрдэггүй юм шиг санагддаг. Дуурийн театрын оркестр ч бай, Филармонийн симфони оркестр, Морин хуурын чуулга, Баянмонгол жааз найрлын хөгжимчид, үндэсний хөгжмийн их найрал гээд энэ олон хөгжмийн бүрэлдэхүүнийг байхгүйгээр тухайн тайзан дээрх бүтээлүүд юу болох билээ. Яг үнэндээ бол тэр тайзан дээр сайхан дуулаад бүжиглээд байгаа хүмүүсийн бүтээлийг амилуулахад танд сонсголонтой, үзүүштэй сайхан харагдуулж сонордуулдаг хамгийн чухал хүмүүс бол хөгжимчид юм шүү дээ. За ингээд эцэст нь 45 жилийнхээ баярын тоглолтыг амжилттай хийн үзэгчидээ нэгэн үдшийн сэтгэлийн цэнгэлийг бэлэглэсэн Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид, тоглолтод оролцсон бүх хүмүүст, тоглолтын ард ажилласан арын албаныханд бүгдэд нь баярын мэнд дэвшүүлэн уран бүтээлийн улам их оргилсон амжилт хүсэн ерөөе. Монголын ард түмний соён гэгээрлийн гол түлхүүр болсон хөгжмийн урлагийг түгээн, бүх нийтийн урлагийн боловсролыг нэмэгдүүлснээр Монголын ирээдүй гэрэлтэй гэгээтэй, соёлтой боловсролтой болно. Энэ бүх хариуцлага өндөр итгэл та бүхний гарт шүү, урагшаа…

Сэтгүүлч Ё.Мөнхзаяа

Холбоотой мэдээлэл