Чайковскийн уралдаанд IV байр эзэлсэн Э.Анхбаяртаа баяр хүргэе

Талын десантуудын нэг, Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд IV байр эзэлсэнд баяр хүргэе. Шийдвэрлэх III шатны шалгаруулалтад ур чадвар ойролцоо манай Э.Анхбаяр, Грекийн дуучин Жеоржиос Александрос Ставракакис, БНСУ-ын иргэн, ХБНГУ-ын Хановер хотын Дуурийн театрын гоцлол дуучин Чи Хун Ким, Санкт-Петербургийн Мариинский театрын гоцлол дуучин Мигран Агагжанян гэсэн дөрвөн дуучин оркестртой дуулж тэргүүн байрын төлөө өрсөлдсөн юм. Тэд хоёр, хоёр бүтээл үзэгчдэд хүргэсэн. 
Шүүгчид тэргүүн байрыг Жеоржиос Александрос Ставракакис, хоёрдугаар байрыг Чи Хун Кимд, гуравдугаар байрыг Мигран Агагжанянд, харин дөрөвдүгээр байрыг манай улсын баритон Э.Анхбаярт, тусгай шагналыг Оросын дуучинд олгожээ. 
Шөнө дунд уг шалгаруулалтыг шууд үзсэн бидний хэдэн нөхөд I байрыг БНСУ-ын дуучинд, II-ыг армян залууд өгөх байх, харин III байрыг грек, монгол хоёрын алинд бол гэж “шүүгээд” унтацгаасан юм. Гэтэл өглөө босоод иртэл III-т байх гэж бодож байсан грекийг түрүүлүүлжээ. Энэ дуучин эхний дуун дээрээ өнгө алдах зэрэг алдаа бишгүй гаргасан ч, хоёр дахийг сайн дуулсан л даа. Солонгос, армян хоёр үндсэндээ алдаа, өөлөх зүйл бараг байгаагүй. Дүн ийм гарчээ. 
Гэхдээ 60 жилийн түүхтэй, агуу Чайковскийгоор овоглодог энэ уралдаанд материалаа илгээсэн дэлхийн 800 гаруй дуучнаас тайзнаа дуулж шалгуулахаар уригдсан 60-д багтаж, улмаар шилдгүүдийн эгнээнд жагсаж, тэргүүн байрын төлөө ур чадвар мэдэн өрсөлдөөд IV байр эзэлсэн нь өндөр амжилт, нэр төрийн хэрэг билээ. 
Гоцлол дуучин Э.Анхбаяр маань Монгол Улсынхаа Дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд чөлөөт уран бүтээлч байх хугацаандаа Австри улсын нэгэн театрт гэрээтэй ажиллаж байв. Гэр бүлдээ, нялх үрсдээ ойр байхаар эх орондоо ирсэн тэрбээр өдгөө Монгол Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж байна. 
Чайковскийн уралдаанд “шандас” сорьж “айрагдсан” бахархалт дуучиндаа дахин баяр хүргэе.

Холбоотой мэдээлэл