Хоёр өдрийн турш “Хөх тэнгэрийн удамт салхин аялгуу” эгшиглэлээ.

Улсын Филармонийн Баян монгол чуулга, ӨМӨЗО-ны Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн Үндэстний найрал хөгжмийн хамтарсан тоглолт 2016 оны 06-р сарын 04,05-ны өдрүүдэд тоглогдлоо. Энэхүү тоглолт нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд тоглогдсон хоёр дахь тоглолт байлаа. Тоглолтын эхний өдөр ӨМӨЗО-ны Үндэсний найрал хөгжим тоглосон бол хоёр дахь өдөр Баянмонгол чуулгатай хамтран тоглосон юм. ӨМӨЗО-ны Үндэсний найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа гадаадад аялан тоглож байгаа гэдэг нь энэхүү тоглолтын хамгийн гол онцлог байлаа. Тоглолтонд ӨМӨЗО-ын  “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн”-ийн Үндэсний их найрал хөгжим, Удирдаач Б.Нямдорж /МУУГЗ/, Удирдаач Ери да болон Монгол улсын Филармонийн “Баян монгол” джаз найрал хөгжим,  Удирдаач С. Саруул-од /СТА/, дуучин С. Баттулга /СТА/,  Н.Наранбаатар /СТА/,  Т.Амина /СТА/, Т.Солонго, Т. Отгонбаяр, ӨМӨЗО-ын дуучин Оюунсод, Мөнгөнцэцэг, Батсүх гэсэн 100 гаруй уран бүтээлчид оролцсон юм.

Тоглолтонд оролцсон зарим уран бүтээлчдийн сэтгэгдлээс сонирхуулахад:

ӨМӨЗО-ны Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн Үндэсний найрал хөгжмийн удирдаач Ери да: Монгол оронд ирж үндэсний хөгжмөө сонирхуулах хүсэл олон жил байсан өнөөдөр ингэж биелэж байгаад сэтгэл их өндөр байна. Хоёр өдрийн тоглолт маш амжилттай боллоо үзэгчид их сайхан хүлээж авлаа. Бидний хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хийгдэж буй энэ тоглолтууд үндэсний урлагаа харилцан танин мэдэхэд маш их ач холбогдол өгч байгаа гэж бодож байна. Бид хэдийгээр 2 улс боловч нэг үндэстэн бидний тоглож байгаа ая дууны үг монгол, ая монгол учраас монголын ард түмэн ойлгоход их хялбар байсан байхаа. Түүнчлэн бидний тоглолтонд маш их хүчтэй , тансаг сайхан өнгө төрөхийг нэмсэн цаашлаад ардын урлагт орчин үеийн шинэ өнгө төрхийг нэмэгдүүлэн жазз хөгжимтэй хамтран тоглосон нь энэ тоглолтын онцлог болсон юм. Ингээд сүүлд нь хэлэхэд биднийг халуун дулаанаараа маш их найрсаг хүлээн авсан Монголын ард түмэндээ маш их талархалаа. Бид  дахин хамтран тоглоно гэдэгт найдаж байна.


ӨМӨЗО-ы Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн дуучин Батсүх: Би өмнө нь 3 удаа Монголд ирж байсан, үргэлж халуун дулаан уур амьсгалтайгаар хүлээж авдагт маш их баяртай байдаг. Монгол үзэгчид их дотно хүлээж авдаг учраас би энэ тайзнаа дуулах их дуртай. Цаашдаа олон олон удаа уулзах хүсэлтэй байна.


ӨМӨЗО-ны Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн хөтлөгч Намуухан: Би Монголд анх удаа ирж байна. Монголд тоглолт хөтлөх байдал их өөр байдаг юм байна. Энэ хоёрын өдрийн тоглолтын турш бид нэг баг шиг ажиллаж чадсандаа сэтгэл их өндөр байна. Монгол үзэгчид үндэсний урлагаа их сонирхдог байдал нь хүүхэдтэйгээ гэр бүлээрээ тоглолт сонирхохоор ирсэн байдлаас хараад баяртай байна. 

Холбоотой мэдээлэл