Баянмонгол чуулга Хөх хотод тоглолоо

      Улсын Филармонийн уран бүтээлчид 2016 оны 4-р сарын 16, 17-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод аялан тоглолт хийлээ. Тус тоглолтонд Улсын Филармонийн “Баян Монгол” жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, симфони найрал хөгжмийн утсан хөгжмийн цөөхүүл хөгжимчид, гоцлол дуучид оролцсон юм. 

Тоглолтын эхний өдөр буюу 4-р  сарын 16-нд “Баян Монгол” жазз найрал хөгжим болон ӨМӨЗО-ны үндэсний найрал хөгжмийн хамтарсан тоглолт болсон ба тоглолтыг Баянмонгол жазз найрал хөгжмийн удирдаач СТА С.Саруул-Од, удирдаач МУУГЗ Б.Нямдорж, ӨМӨЗО-ны Үндэстний урлагийн хүрээлэнгийн удирдаач Эрдэнэ нар удирдсан юм. 

Хоёр дахь өдрийн тоглолт “Баян Монгол” жазз найрал хөгжим, симфони найрал хөгжмийн утсан  хөгжмийн цөөхүүл хөгжимчдийн  тоглолт байлаа. Энэхүү тоглолтонд Улсын Филармонийн гоцлол дуучин СТА Н.Наранбаатар, СТА Т.Амина, СТА Л.Насанбуян, СТА Б.Дэлгэрбаяр, Т.Отгонбаяр, Б.Солонго нар ая дуугаа өргөсөн.

Ийнхүү хоёр өдрийн турш Өвөрмонголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн 600 гаруй хүний суудалтай концертын танхим дүүрэн үзэгчидтэй, халуун дулаан уур амьсгалтай байлаа.

 Дашрамд дурдахад энэхүү тоглолт нь Улсын Филармони болон ӨМӨЗО-ны Үндэстний Урлаг жүжгийн хүрээлэнтэй байгуулсан “Хамтран ажиллах тухай” гэрээний дагуу хийгдэж буй эхний  тоглолт байсан ба дараагийн тоглолт 2016 оны 6 сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо тоглогдоно. 

Холбоотой мэдээлэл