Р.Амарбаяр: Сонгодог бүтээлийг ширэн цартай хуураар тоглоно.

         Улсын филармонийн уран бүтээлчид алс нутгаас ирсэн хүндтэй зочидтой хамтарсан тоглолтоо удахгүй хийх гэж байна. Орчин цагийн гадаадын хөгжимчдийн бүтээлийг монгол ардын хөгжмийн зэмсэгт хэрхэн хөрвүүлснийг тоглолтоос сонирхож болно. Тоглолтод бүтээлээсээ толилуулах хөгжимчдөөс Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Р.Амарбаяртай ярилцлаа.

“Novel Melody” тоглолтод оролцохоор Италиас уран бүтээлчид иржээ. Та бүхний хамтарсан бэлтгэл амжилттай юу?

Тоглолтын нэг удирдаачаар Роберто Салвалаио ажиллана. Энэ хүнтэй анх “Playing Love” тоглолтдоо хамтран ажилласан. Түүнээс хойш Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын уран бүтээлд хамтран ажиллаж байлаа. Роберто Салвалаиотой энэ удаад гурав дахиа хамтрах гэж байна. Тэр хүн бидэнд мэддэг чаддагаа зааж, зөвлөж байгаа юм. Тухайлбал, энэ удаагийн тоглолтод Астор Паззоллагийн зохиолоос олон орж байна. Энэ удирдаач банденион /аргентин үндэсний хөгжим/ хөгжим тоглодог байсан юм билээ. Тийм болохоор бидэнд аль хөгжмийн бүтээлийг тогловол тохиромжтой, хэрхэн ажиллах тал дээр заавар өгч ажиллаж байна. Түүнээс гадна “Novel melody” тоглолтод Италиас Сальваторе Маньери нэртэй дуучин оролцож, уран бүтээлээ хүргэхээр ирсэн. Бид дуучинтайгаа хамтарсан бэлтгэл хийж амжаагүй л байна. Энэ хүнийг Италиас ирсэн гэхээр дуурийн дуучин гэж бодож магадгүй. Гэхдээ Сальваторе Маньери дуурийн дуучин биш.

Хөгжимчид хэний ямар бүтээлийг ардын хөгжим рүүгээ хөрвүүлэн тоглох гэж байна вэ?

Аль орны хөгжмийн бүтээл манай ардын хөгжим рүү хөрвөх боломжтойг бие дааж судалдаг. Жишээлбэл гитарын бүтээлийг ёочин хөгжим рүү хөрвүүлж болно. Босоо ятгаар тоглодог бүтээлийг үндэсний ятга руу хөрвүүлж болно. Энэ удаагийн тоглолтод манай таван ятгачин Либер тангог ятга руугаа хөрвүүлж, сонирхолтой хэлбэрээр хүргэх гэж байна. Миний хувьд Паззоллагийн “Дөрвөн улирал” зохиолоос “Өвөл”, “Хавар” хоёрыг нь сонгож морин хуур, төгөлдөр хуур, морин хийлтэй тоглохоор бэлтгэж байна. Өөрөөр хэлбэв энэ бүтээлийн хийлийн хэсгийг морин хуураар орлуулж тоглох юм. Түүнээс гадна цохивор хөгжим төгөлдөр хууртай хамтарна. Төгөлдөр хуур морин хуурын хоршил бүтээл ч бий.

Гадаадын зохиолыг Монголын хөгжимчид хэрхэн шинэчилж бичиж байгаа нь сонирхолтой санагдлаа?

Хөгжимчид цэвэр мэдрэмжээрээ шинэчлэн тоглох гэж байна. Тухайлбал, таван ятгачин гадаадын бүтээлийг хэрхэн хөрвүүлснээ удирдаачдаа харуулахад маш таатайгаар хүлээж авсан. Тоглолтод ширэн цартай морин хуураар вилончельд зориулсан хөгжмийн томоохон хэмжээний бүтээлийг оркестртой тоглоно. Тиймээс хөгжимчид бүтээлээ улам чамбайруулахын тулд ажлын бус цагаар бэлтгэж байна.

Та Морин хуурын чуулгын концертмейстерийн албыг давхар хашдаг. Ойрд хэний ямар бүтээл дээр ажиллав?

Он гарснаас хойш “Жингийн цуваа” нэртэй ширэн цартай морин хуурын дагнасан тоглолт хийлээ.

Та ширэн цартай морин хуурийн талаар ихээхэн судалсан. Судалгааны ажил ямар төвшинд явна?

Ширэн цартай морин хуурыг Монголд тоглоход асуудалгүй. Гадаадад тогловол ямар байх талаар судалж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард Тайландын их сургуулийн хөгжмийн оркестртой Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шаравын морин хуур, симфони найрап хөгжмийн концертыг ширэн цартай морин хуураар тоглосон. Яахав, зориулалтын танхим байсан учраас намайг аварсан байж магадгүй гэж бодоод дараа нь далайн эрэг дээр тоглосон. Хэдийгээр албан ёсны тоглолт байгаагүй ч ширэн цартай морин хуураар тоглоход онцын бэрхшээл тулгараагүй. Биднийг Тайландад очиход 35 хэм халуун байсан Энэ нь ширэн цартай морин хуураар хаана ч тоглох боломжтойг харууллаа.

Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: Монголын үнэн сонин, 2016.04.14 №069, 8-р нүүр

 

Холбоотой мэдээлэл