Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдлоо

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ойг угтан орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг энэ пүрэв гарагт Улсын Филармонийн концертын танхимд амжилттай тоглогдсон байна.

Тоглолтыг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, удирдаач Н.Жигжиддорж /СТА/ нар удирдан ТШ, АЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УГЗ, ТШ, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц. Нацагдорж, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, СТА Д.Түвшинсайхан нарын дан хөгжимд зориулан бүтээн туурвисан “Оюу эрдэнийн говь” чуулбар, “Дорны уудам тал” чуулбар, “Ятгын концерт 1,2,3-р анги”, “Уран сэтгэмж” болон тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Дурсамж”, “Гоё хээр” зэрэг бүтээлүүдийг Морин хуурын чуулга үзэгчдийн хүртээл болгон толилуулжээ.

Тоглолтын гоцлол хөгжимчнөөр морин хуурч Р.Амарбаяр /СТА/, ятгачин Ж.Уранцэцэг /СТА/ нар хөгжимдөж Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц. Нацагдоржын “Уран сэтгэмж” хөгжмийн бүтээлд Симфони оркестрын утсан хөгжмийн квартет хамтран хөгжимдлөө. Тоглолтын хөтлөгч, тайлбарлагчаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан ажилласан юм.

Холбоотой мэдээлэл