Гоцлол болон Цөөхүүл хөгжмийн тоглолт болж өнгөрлөө

Танхимд ихэвчлэн залуучууд цуглажээ. Зарим нь хөгжмийн аялгуунд уяран, нүдээ анин нэгийг эргэцүүлж харагдахад, нөгөө хэсэг нь их л догдолж хөгжмийн хэмнэлээр хөдлөнө.
 
Тайзнаа дэлхийн сонгодог аяс эгшиглэнэ. Улсын филармонийн хөгжимчид уламжлал ёсоор  эрэгтэйүүд нь хар цагааныг хослуулж эрвээхэй зангиагаар, харин эмэгтэйчүүд нь  урт хар даашинзаар гоёсон байлаа.
 
Симфони найрал хөгжмийн хөгжимчин Болортунгалаг, Батцэцэг, Баярмагнай нар Перугаас гаралтай Кахон хөгжмөөр Дуэт зохиолыг трио болгон тоглож “Гоцлол болон Цөөхүүл хөгжмийн концерт”ын салхийг хагалсан юм. Хийл, төгөлдөр хуур, фагот, утсан квинтет  зэрэг хөгжмүүд ар араасаа эгшиглэлээ. Түүн дундаас хаан хууртай хамтарсан хийл хөгжимчдийн уянгалуулсан аяс үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн нь илт.
 
Угаас намуухан, зөөлөн хийл хөгжим хаан хууртай хослон танхимд цугласан олны дотоод сэтгэлийн нандин учгыг хөндөн,  гүн бодолд автуулж орхисон юм.
 
“Хийлийн намуухан эгшгэнд уяраад, тоглолтын танхимд байгаагаа ч умартсан байлаа. Ойрд ажил ихтэй байсан болохоор ийм сайхан хөгжмийг мэдрэлгүй уджээ. Зорин зорин цаг гаргаж ирсэндээ би харамсахгүй байна. Монголдоо хамгийн мундаг хөгжимчид Филармонид л байдаг гэж би боддог. Би жазз хөгжим сонсох дуртай. Мөн л Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн хамт олон надад тэр сайхан хөгжмийг минь дэргэдээс нь сонсгож, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг. Үүний өмнө Филармонийн гурван оркестрийн хамтарсан “Snow melody” шинэ жилийн баярт зориулсан тоглолтыг үзсэн. Цоглог эрч хүчтэй шинийг эрэлхийлсэн байсан. Гоцлол болон цөөхүүл хөгжмийн энэ тоглолт дан хөгжмийн тоглолт гэхэд найруулга сайтай уйдах, залхах завдал өгсөнгүй” хэмээн хөгжим сонирхогч Ч.Хүсэлбаяр хэлсэн юм.
 
Дэлхийн хөгжмийг дэргэдээс нь уриатай тоглогдсон энэхүү тоглолтыг  удирдаач соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш, удирдаач Б.Батбаатар нар удирдлаа.
 
“Гоцлол болон цөөхүүл” хэмээх нэртэй уг тоглолтод нийт 80 гаруй уран бүтээлч хамрагдаж, таван хөгжимчид гоцлон, хийлийн чуулга болон холимог үлээвэр найрал хөгжимчид утсан квинтет уянгалуулсан юм. Сонгодог хөгжмөөр соён гэгээрүүлэх үйлс нь улам дэлгэрэх болтугай. 

Холбоотой мэдээлэл