Гэр бүлийн өдөрт зориулсан “Бид нэг Гэр бүл” тоглолт боллоо.

Улсын Филармониос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг гэр бүл” тоглолтоо энэ жил дөрөв дэх удаагаа Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 5-р сарын 14-ны өдөр Улсын Филармонийн концертын танхимд тоглолоо. Хөгжмийн урлагаар дамжуулан гэр бүлийн үнэт зүйл, сайн сайханд уриалсан тус тоглолтын хамтран зохион байгуулагчаар “Гэр бүлийн радио-104.5” ажиллаж Улаанбаатар хот, 9 аймаг болон онлайнаар дэлхий даяар шууд дамжуулсан юм.

Өмнөх жилүүдэд Улсын Филармонийн гурван оркестр, гоцлол дуучид нэгдэж нэг удаагийн тоглолт толилуулдаг байсан бол энэ жил “Баян Монгол” жазз найрал, гоцлол дуучидтай хамтарсан болон Морин хуурын чуулга, гоцлол дуучидтай хамтарсан зэрэг хоёр удаагийн тоглолтоор гэр бүлүүддээ бэлэг барилаа. Тоглолтонд “Баян Монгол” жазз найрал хөгжим, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С. Саруул-од /СТА/, “Морин хуурын чуулга” удирдаач Д. Түвшинсайхан /СТА/ болон Улсын Филармонийн гоцлол дуучин С. Баттулга /СТА/, Ц. Хулан /СТА/, Н. Наранбаатар /СТА/, Т.Амина /СТА/,  П.Өнөржаргал /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т.Отгонбаяр, С. Нямбаяр нар оролцсон юм.

Мөн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагууд “Элэг нэгт монголчууд” сангийн “Элэг бүхний төлөө 10,000” хорт хавдрын эсрэг аянд нэгдсэн бөгөөд Монгол Улсын Филармони нь “Бид нэг Гэр бүл” тоглолтоороо энэхүү аянд нэгдэж тоглолтын бүх орлогыг  “Элэг бүхний төлөө 10,000” аянд хандивлалаа.

Холбоотой мэдээлэл