Алтан өргөө ба бусад гоё хөгжим

Улсын филармонийн хамт олон, ялангуяа маркетингийн албаныханд үзэгч, сонсогчдын өмнөөс талархал илэрхийлье. Байн байн сэтгэл татах тоглолт зарлаж байх боллоо. 

Симфони найрал хөгжим энэ сарын 15-нд Монголын хөгжмийн зохиолчдын бас нэгэн түүхэн тоглолтыг үзэгч, сонсогчдод хүргэх гэж байна. 
Алдарт "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бусад сайхан зохиолуудыг таалан сонсоорой. Энд зөвхөн "Алтан өргөө" киноны хөгжмийн тухайд цухас онцоллоо. Бусад бүтээлийн танилцуулгыг постероос харна уу. 
Монголын уран сайхны, үлгэрийн болоод хүүхдийн сэдэвт “Алтан өргөө” кино нь зохиол, найруулгын зэрэгцээ хөгжмөөрөө үзэгчдийн сэтгэлд хоношсон байдаг. Монгол кино үйлдвэр дэлгэцийн уг бүтээлийг Германы киноны мэргэжилтнүүдтэй хамтран 1961 онд үзэгчдэд хүргэсэн. Кино зохиолч, зураач, найруулагч, зураглаач нь герман мэргэжилтнүүдтэй хамтарч ажилласан, уран бүтээлчдийн жагсаалтад нэрсийг хамтатган бичсэн байдаг бол зөвхөн хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдорж дангаар ажиллаж хөгжмийг туурвисан түүхтэй. Хөгжимд үйл явдлын хэсгүүдийг “Сүмбээ, үлгэрийн өвгөн хоёр агуйд”, “Зах зээл”, “Сүмбээ дурлаж байгаа хэсэг”, “Бөмбөг өнхрүүлж байгаа нь”, “Охин хараа орж байгаа нь” гэхчилэн нэрлэж, хооронд нь холбосон нь сонирхолтой. 
Улсын филармонийн симфони найрал хөгжим “Алтан өргөө” киноны симфони чуулбар буюу “цэвэр” хөгжмийг энэ сарын 15-ны тоглолтоороо сонсгох гэж байна. Чуулбарын үргэлжлэх хугацаа 30 минут.
Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийн концертыг хөгжимчид маэстро Б.Батбаатарын удирдлагаар хүргэнэ.
Амжилт хүсье.

Р.Оюунжаргал

Холбоотой мэдээлэл